Tuesday, August 14, 2012

Дасгалжуулагчийн сэтгэл дутлаа даа, манай тамирчдад

0 сэтгэгдэл

-ОРОСУУД МОНГОЛЫН БОКСЫН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН АРГА БАРИЛЫГ ГУЧИН ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ ГЭЖ ШҮҮМЖИЛЛЭЭ-

Лондонгийн олимпод Монгол Улсыг төлөөлж 29 тамирчин спор­тын долоон төрөлд хүч үзэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүрт­лээ. Манай улс медалийн чана­раар 204 орноос 56 дугаар байрт шал­гарсан юм.

Энэ удаагийн олим­под 10820 тамирчин 26 спортын 302 төрөлд хүч сорьсон. АНУ, БНХАУ олимпийн наадмын эхний өдрөөс л түрүү байрны төлөө ширүүн өрсөлдсөн билээ. БНХАУ өмнөх олимпод үзүүлсэн амжилтаа дав­таж алтан медалийнхаа тоог ахиулна хэмээж бай­сан ч энэ удаад аман хүзүүдлээ. Америкчууд   "Лондон 2012" биднийх болно хэ­мээн наадмын эхнээс л ярьцгааж байсан нь биелж 46 алт, 29 мөнгө, 29 хүрэл нийт 104 медальтайгаар тэргүү­лэв.

ОХУ энэ удаагийн олим­под эхний гурван байрт баараггүй орно гэсэн зорилт тавьсан ч зохион байгуулагч орны багт байраа алд­лаа. Оросуудын хувьд дөрөв­дүгээр байрт шалгарсан нь хүсэн хүлээсэн амжилт нь биш гэцгээж байна. Тус улсын спортын мэргэ­жилт­нүүд "Үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломж байсан" гэжээ.

Германчууд 11 алт, 19 мөнгө, 14 хүрэл медаль, нийт 44 медаль хүртэж зургадугаар байрт шал­гар­сан бол тэдний өмнө БНСУ-ын баг 13 алт, найман мөнгө, долоон хүрэл, нийт 28 ме­даль­тайгаар тавдугаарт орлоо. БНСУ-ын ам­жилт бол медалийн тоо чухал биш, хамгийн гол нь чанар гэдгийг ха­руулав.

Харин манай спортынхны ху­вьд аль болох л олон медаль хүрт­вэл амжилт гэж ташаарч байна. Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хорооныхон энэ удаагийн олимпод монголчууд өмнө нь байгаагүй амжилт гаргаж тавын таван медаль хүртлээ гэх юм.

Гэтэл үнэндээ Лондонгийн олим­под манайхан 2008 оны Бээ­жин­гийн олимпод үзүүлсэн улсын­хаа чансааг бууруулчихлаа. 2008 оны олимпод манай улс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 31 дүгээр байрт шалгарч байв. Харамсалтай нь Лондонгийн олимпод энэ сайхан амжилтаа хорь гаруй байраар ухраачихав.

"Лондон-2012"-т манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Б.Наран­баатар (55 кг), О.Үйтүмэн (84 кг), П.Өнөрбат (74 кг), Ж.Чулуунбат (120 кг), Д.Отгонцэцэг (48 кг), С.Бямбацэрэн (55 кг), С.Батцэцэг (63 кг), О.Бурмаа (72 кг), жүдод Д.Төмөрхүлэг (60 кг), Х.Цагаан­баатар (66 кг), С.Ням-Очир (73 кг), Н.Түвшинбаяр (-100 кг), М.Уран­цэцэг (48 кг), М.Бундмаа (52 кг), Д.Сумьяа (57 кг), Ц.Мөнхзаяа (63 кг), П.Лхамдэгд (-78 кг) нар тус тус төлөөлөн барилдсан. Мөн усанд сэлэлтээр А.Тамир, Г.Оюунгэрэл, хөнгөн атлетикийн марафоны төрлөөр Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, буудлагаар Н.Баяраа, О.Гүн­дэг­маа, байт харваагаар Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, боксоор П.Сэр­дамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат нар тус тус эх орноо төлөөлөн өрсөлдсөн. Эднээс таван тамирчин нь медалийн тавцанд гарч, эх орныхоо далбааг Лон­дон­гийн тэнгэрт мандуулав.

Спорт сонирхогч, спортын мэр­гэ­жил­тэн, ажиглагчдын үзэж бай­гаа­гаар энэ удаагийн олимпоос манайх хоёроос гурван алт, дөр­вөөс таван мөнгөн медальтай байх байжээ. Манай тамирчдын нэг нийтлэг алдаа нь сэтгэлзүй. Жишээ нь, Ц.Мөнхзаяагийн хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялалт байгуулчихлаа хэмээн баярлатал шүүгч оноог нь цуцалчихсан. Ин­гээд л Ц.Мөнхзаяагийн хөл, гар нь хөдлөхөө байж, сэтгэлээр илт унасан нь хэнд ч мэдэгдэхээр, царайнаас нь анзаарагдсан. Ин­гээд тэрээр хүрэл медалийн төлөө барилдахаар гарч ирэхдээ аль хэдийнэ "Би ялагдах байх аа" гэсэн дүртэй, өөртөө итгэлгүй татамид гарсан. Барилдаан ч түүний бод­соноор болсон. Манай тамирчид ингэж л сэтгэл зүйгээр өөртөө ялагдлыг дууддаг. Ийм жишээг олимпод оролцсон манай бусад тамирчид ч гаргасан. С.Батцэцэгт аварга болох боломж байсан ч Японы бөх Ичо Каоритай барил­дахдаа нэг л бэргээд ер хөдлөөгүй. Зүгээр л шахуу ялалтаа өгчихсөн. Японы тамирчны олимпийн хошой, дэлхийн долоон удаагийн аварга, жиндээ дархлагдсан гэдэг нь өн­гөр­сөнд болсон явдал л даа, уг нь. Тухайн агшинд л хэн нь түрүүлж сэтгэж чадсанд нь л ялалт ирдэг. Манай тамирчид ингэж өр­сөл­дөг­чийнхөө цол гуншинтай "барил­даад" зүрх алддагийг сая та бид олимпийн үеэр харлаа.

Бас ялж яваад цагийн төгсгөлд оноо алдаад ялагдчихаж байгаа юм. Эсвэл хэт өөртөө бардсан байдлаар өрсөлдөгчтэйгээ хан­даад дийлдсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд л оролцож байгаа юм шиг ринг, дэвжээнд гүйж гараад л ялагдчихна. Олимп чинь улсын аварга шалгаруулах тэмцээн биш. Олимпийн наа­дамд шилэгд­сэн, эх ор­ноосоо шал­гар­сан Майкл Фелпс, Усайн Болт шиг та­мирчид ирж ан мана үзэлцдэг тал­бар гэд­гийг ма­найхан ухаа­рахгүй юм байх даа. Олим­пийн дэв­жээнд П.Сэр­дамба мон­­­­го­лын хөдөл­мө­рийн баатар байна уу, М.Бунд­­маа гавьяат та­мир­­чин байна уу, Х.Ца­­­­­­гаан­баатар дэл­­­­хийд чан­саа­гаараа тэр­гүүл­дэг бай­на уу, ер ха­маа­гүй.

Энэ бүхнийг ан­­­заа­рахад та­мир­­чид л ал­даа гар­гаад бай­­гаа юм шиг ха­рагдах ч  цаа­на нь ажиллаж бай­гаа багш, дас­гал­жуу­лагч, эмч, илээч, хол­боо­ныхон нь гээд маш олон хүнтэй шууд хамааралтай.

Лондонгийн олим­­пийн үеэр ма­най­ханд дас­гал­жуу­лагчийн ур чад­вар, сэт­гэл илт ду­тагд­сан төрөл бол бокс байв. Энэ ту­хай ОХУ-ын спор­тын мэр­­гэ­жилт­нүүд, бок­сын ах­мад дас­гал­жуу­лагч, тамирчид хүр­­­тэл шүүм­ж­лэ­л­тэй хандаж байна.

Тэд "Монголын боксчдод ур чад­вар, авьяас, хурд байна. Харин зөв тактик гэхээр юм ер алга. Энэ бол дас­гал­жуу­лаг­чидтай шууд ха­маа­тай. Ринг дээр ажиллаж байгаа Монголын боксчиноос эрч хүч ханхалж буй ч, ямар ч бокс хараг­дах­гүй байна. Монголын дас­гал­жуулагчдын ажил­лаж байгаа бай­дал гучин жилийн өмнөхөөс өөрчлөгдсөнгүй" гэсэн байна.

Оросууд манайд атаархсандаа ч юм уу, Н.Төгсцогтод Мишагаа "зодуулчихаад" ингэж ярьсан хэрэг биш л дээ. Өөрийнх нь улсын тамирчин Миша Алояныг мөнгөн медалийн төлөөх өрсөлдөөнд 15:11 харьцаагаар ялсан Мон­голын боксчин Н.Төгсцогт тийм сүрхий юм бол аваргын төлөө яаж тоглохыг нь харъя гээд сууж байтал яалтгүй ч тамирчин нь ажиллаад байдаг, дасгалжуулагчийн нөлөө огт харагдахгүй байхад ингэж шүүмж­лэх нь зөв юм. Тамирчин нь эхний үед ялагдчихаад дас­гал­жуу­лагч дээрээ очоод буцаж тоглоход тог­лолт нь арай өөр болчихсон байдаг, өрсөлдөгчөөсөө оноо сал­гах хэмжээний дориун болчихдог.

Аваргын төлөө тоглосон Н.Төгс­цогт, мөнгөн медалийн төлөө тог­ло­сон У.Мөнх-Эрдэнэ нар дээр дасгалжуулагчид нь алдаа гар­га­сан. Тамирчид зөвхөн өөрсдийн сурсан дадал, туршлагаараа л   медаль зүүлээ. Үе дуусаад тамирчин бу­ланд очоод суухад дас­гал­жуу­лаг­чид тоглолтын өмнөх үеүдэд ана­лиз хийчихсэн, хамгийн хэрэгтэй зөв­лө­гөөгөө өгч амждаг. Завсарла­гаа­наар тамирчин руугаа ус ца­цаад, ал­чуу­раар сайн сэвснээрээ дас­гал­жуулагч болчихгүй. 

Хэрэв боксынхны дасгал­жуу­лалт арай өөр байсан бол манай дөрвөн боксчин дөрвүүлээ меда­лийн эзэд болох боломжтой байс­ныг боксын спорт сонирхогчид ярьж байна. Монголын боксын спортын ахмад дасгалжуулагчид "Манай боксчид чадалтай байсан ч тактик дутлаа. Тактик гэдэг чинь бөхөөр бол мэх шүү дээ. Боксчдод маань дасгалжуулагчид ер мэх зааж өгөхгүй юм. Завсарлагааны нэг минутад л дасгалжуулагч хүн тамирчнаа дасгалжуулдаг. Дас­гал­жуулагч тэрхэн агшинд л бүх юмаа хийдэг" гэж шүүмжилж байгаа юм.

Манайхан дасгалжуулагч бо­лон сэтгэлзүйн асуудлаас үүдэн медалийн төлөөх өрсөлдөөнөөсөө буусан ч энэ удаад таван тамирчин маань медаль хүртсээн. Н.Түв­шин­баяр тамирчны жинхэнэ араншинг гайхалтай харуулсаар аваргын төлөө барилдсан. Гэсэн ч бэртэл гэдэг бол ямар ч хүнийг мохоодог ч манай тамирчин гэмтлээ өрсөл­дөг­чөөсөө нууж "Эцсээ хүртэл үзнэ" гээд татамид гараад ялагдсан. Түүнтэй өрсөлдсөн ОХУ-ын тамир­чин Т.Хайбулаев дараа нь "Би монголын жүдочийн хөл нь гэмт­сэ­нийг медалийн тавцанд гарах үедээ л мэдсэн" гэж хэлж байхав.

Хорьхон насандаа олимпийн рингээс мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт, гурав дахь олимпдоо хүч үзэж хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ нар хоёул аварга болох магадлалтай тамирчдын жагсаалтад байсан юм шүү.

Лондонгийн олимпод найман тамирчнаа оролцуулсан чөлөөт бөхийнхөн ганцхан хүрэл медаль хүртлээ. Түүнийг нь Москвагийн ДАШТ-д улсынхаа нүүрийг тахалж, чөлөөт бөхийнхнийг "аварч" бай­сан С.Батцэцэг авсан. Харин чө­лөөт бөхийн эрэгтэй тамирчид хан­галтгүй барилдсаныг хэн хүнгүй хэлж байна.

Ийнхүү хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны ХХХ олимпийн наадмыг Монголын баг тамирчид алдаа, оноотой, сургамжтай, оросуудын шүүмж­лэл­тэйгээр өндөрлүүллээ.

Спортын байгууллагын удир­д­лагууд "Бид энэ удаад таван ме­даль авч монголын түүхэнд гар­гаа­гүй амжилт гаргалаа" хэмээн тоон үзүүлэлт ярьж ард түмнийг хуу­рахын­хаа оронд шигшээ багийнх­ны дасгалжуулагчидтай тулж ажил­лаж, спортын сэтгэлзүйчдийн орон тоог гаргавал яасан юм гэж үзэгч түмэн үзэж байна. Харин манай тамирчид дасгалжуулагчгүйгээр бор зүрхээрээ өрсөлдвөл ямар ч байсан медаль авчихтайгаа болс­ныг та бид "Лондон-2012"-оос харлаа. Дасгалжуулагчийн сэтгэл дутлаа даа, манай тамирчдад.