Tuesday, August 14, 2012

Газрын асуудлаас болж Баянхошууны зам засварын ажил удааширчээ.

0 сэтгэгдэл

Нийслэлийн Сон­гино­хайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ханын мате­риа­лын эцсийн уулзвараас Баянхошууны тойрог хүр­тэлх зам засварын ажил саатжээ. Энэ талаар сур­валжлахаар Баянхошууг зорилоо.

Баянхошууны гэгдэх энэхүү зам нь 1980-аад онд тавигдсанаас хойш өнөөг хүртэл нэг ч удаа их засварын ажил хийг­дээ­гүй байна. Ханын мате­риа­лын уулзвараас дээш Баянхошууны тойрог хүр­тэл замын хоёр талаар газрыг нь хэмжиж цэнхэр, улаан өнгийн туг зоогоод тэгшилж зам тавихад бэлэн болсон харагдав. Мөн за­мын хоёр хажуу­гаар газар ухаж шороо овоолсон байв. Дээрх хэмжээс бүхий туг зарим хэсэгтээ айлын хашаан дотор, хашаанд тулсан байх юм. Энэхүү замын хоёр талаар явган хүний зам тавих юм байна. Иргэдийн ярьж буйгаар тэмдэг тавьж хэмжсэн тугнаас хашаа, байшин нь хэтрэх юм бол хашаа­гаа татаж, байшингаа буул­ган зам тавих газрыг нь чөлөөлж өгөх ёстой гэнэ.

Харин иргэд энэ олон жил амьдарчихаад кадастрт орсон газраасаа "илүүчлэхийг" хү­сэх­гүй байгаа ажээ. Тус зам дагуу хүнсний дэлгүүр ажиллуулдаг нэ­гэн иргэн "Манай газар нийслэ­лийн газрын албаны кадастрт орсон, өөрийн нэр дээрээ өмчлөөд авчихсан гэсэн үг. Тиймээс бид юу гэж газраа танах юм бэ. Гэхдээ манай дэлгүүр бол үнэндээ хашаа­ны гадна ка­дастрт хараахан ороо­гүй байгаа. Иймд бид дэлгүү­рийн­хээ үүдний амбаарыг буулгаж үүдээ нөгөө тал руу нь харуулах бодол байна. Үүнийгээ газрын албанд мэдэгдэхээр төлөвлөөд байна" гэв. Харин зам тулж хашаа байшингаа барьсан зарим иргэн "Хашаа бай­шин­гаа буулгана гэдэг хүүхдийн эвлүүлдэг тоглоом угсрах шиг амархан ажил биш. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа их орно. Одоо­гийн байд­лаар бид шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа боло­хоор бидний өмчийг дур мэдэн нураах эрхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв. Уг зам зас­варын ажлыг "Хувиа Монголиа" ХХК гүй­цэт­гэж байгаа юм байна.

Энэ талаар тус компанийн төслийн менежер Н.Өлзий­батаас зарим зүйлийг тод­руул­лаа.

-Иргэд газраа чөлөөлж өгөх­гүй байгаагаас үүдэн зам засва­рын ажил удааширч байна гэ­сэнЭнэ үнэнүү?

-Бид зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа. Гэсэн хэдий ч биднээс шалтгаалахгүй зарим нэг асуудал гарч ирж байна. Учир нь зам засвар болон шинэчлэлтийн ажил маань 2007 оны зураг төс­лөөр хийгдэж байгаа. Мэдээж  таван жилийн хугацаанд зам дагаж­ олон айл буусан байгаа. Шаард­лагатай газрыг чөлөөлж өгөхгүй бол бид ч хоног хугацаа алдана гэсэн үг. Тиймээс холбогдох айлуу­дад нийслэлийн газрын албанаас газраа чөлөөлөх шаардлага хүр­гүү­лээд байна.

-Одоогоор хичнээн айлд шаард­­лага хүргүүлээд байна вэ?

-Үндсэндээ зам засварын ажилд саад болохуйц 150 айл, өрх байсан. Өнөөдрийн байдлаар 20 орчим хувь нь хашаагаа татаж газраа чөлөөлж өгсөн.

-Үлдсэн хэсэг нь шаардлагыг хүлээж авч газраа чөлөөлөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Энэ бол бидний асуудал биш. Манайх зам засварын ажлыг гүй­цэт­гэгч компани болохоос биш иргэдийн дунд газрын зохицуулалт хийдэг газар биш. Нийслэлийн газрын албаныхан болон иргэд өөрсдөө учраа олох байх.

-Хичнээн км замд засвар хийж байна вэ?

-Үйлдвэрчний  эвлэлийн гу­дамж­наас Баянхошууны тойрог хүртэл нийт 3.4 км замд засвар хийж, 14 метр өргөн зам тавьж, хоёр талаар нь 2.25 метр хэмжээтэй явган хүний зам байгуулах юм.

-Засварын ажилд хэдэн төг­рөг төсөвлөсөн бэ?

-Улсын төсвөөр хийгдэх бөгөөд замын засвар болон шинэчлэлийг гүйцэтгэхэд нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулагдана.

-Хэзээ дуусах вэ?

-Зам засвар, шинэчлэлийн аж­лыг энэ оны аравдугаар сар хүртэл хийгээд зогсоно. Ер нь ирэх оны долдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөх гэрээ хийсэн. Зарим айлууд нүүх газар алга, ирэх жил газраа суллая гэх зэрэг хүсэлт тавьж байгаа. Хамгийн гол нь нийслэлийн Газрын албаныхан хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж замын хоёр талд ойрхон байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж, нө­хөн олговор өгөх хэрэгтэй. Газар чөлөөлөх ажлаа иргэд цаг алдал­гүй хийвэл замын ажил хуга­цаан­даа дуусна гэлээ.

Харин газраа чөлөөлж хашаагаа татсан иргэд "Баян­хошууны зам арай дэндүү эвдэрч явахын эцэсгүй болсон. Ойрын хэдэн жил ямар ч засвар хийг­дээгүй. Ядаж байхад маш их тоос шороо­той. Хүүхдээ цэцэрлэг сур­гуульд нь хүргэж өгөхөд төвөгтэй байдаг. Ингээд засаад гэрэлтүүлэг тавьчих юм бол оршин суугчид бидэнд л амар шүү дээ. Адаглаад согтуу хүн, нохой хоёроос айж шон мөргө­чихгүй" гэж ярьцгааж байв.