Monday, August 13, 2012

“Эрдэнэт үйлдвэр-Их спорт"-ын амжилтын буухиа тасрахгүй

0 сэтгэгдэл


“Эрдэнэт үйлдвэр-Их спорт"-ын амжилтын буухиа тасрахгүй

Түгээх     Share on facebook Share on twitter
2012-08-14 09:16:41 - Лондон-2012
erdenet-olimp
Лондонг зорьж Монгол улсаа төлөөлсөн 29 тамирчинтай хамт монгол түмний зүрх сэтгэл нэгэн зүгт тэмүүлж цохилж байлаа. Манай тамирчдын өрсөлдөж буй стадион бүрт “Mongolia” хэмээн тамирчдаа дэмжих монголчуудын уухай наадмын өдрүүдэд тасраагүй. Монгол хүн бүр Тамирчдынхаа алдрыг дуудан дэргэдээс нь хүч нэмэхээс гадна цэнхэр дэлгэц, цахим хуудсаар ч “Дээлийнх нь захыг мушгиж” байлаа. Тиймдээ ч тэр уухайн түрлэгт хүч өгөн 30-р олимпийн наадмын гурав дахь өдөр Монголын тамирчдын Олимпийн медалийн буухиан салхийг хагалж, жудо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Монголын тэр дундаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хангарьд клубын тамирчны медаль энэ удаагийн Олимпийн анхных байгаад зогссонгүй булган сүүлтэй ч байлаа. Лондонгийн рингэнд тулалдсан Б.Түвшинбат, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт дөрөв маань Монголын боксчдын эхлүүлсэн олимпийн аваргын буухиаг залгахаар тэмүүлсэн. Тэдний амжилтын үндэс яах аргагүй Монголын боксын холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, түүний дэргэдэх Хангарьд клубтэй салшгүй холбоотой гэж болно.  Таван тивийн 204 орны 10500 тамирчин нэгэн дээвэр дор чуулсан олимпийн 30-р наадамд Монголын тамирчид спортын долоон төрөлд оролцож, хоёр мөнгө гурван хүрэл медаль хүртсэн. Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадмаас Монголын спортын түүхэнд хамгийн олон медаль хүртсэн нь аргагүй бахдах ёстой амжилт. Хүн амын тоогоор харьцуулахад Монгол улс нэгдүгээр байранд  орсон баяр бахдал. Цагийн болон уур амьсгалын зөрүүг үл ажран тэмцсэн тамирчдын маань хичээл зүтгэл. Гарын таван хуруу шиг таван медалийн гурав нь “Хангарьд” клубынх. Улсынхаа төсвийг нуруундаа үүрч, даасан шиг даадаг “Эрдэнэт” үйлдвэр хамт олны дэмжлэг билээ. Дэлхийн шилдэг аж ахуй нэгж өргөмжлөлт энэ үйлдвэр “Шилдэг”-үүдийг л төрүүллээ. Тус үйлдвэрийн удирдлагууд Монголын олимпийн боксын холбоог тэргүүлэх болж сэтгэл зүрхээ зориулсаны үр дүн ийнхүү гарч байна.   “Эрдэнэт үйлдвэр-Их спорт”  хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг  нэгэнтээ холбон хэлж байсан нь учиртай. Энэ эрхэмд болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Бат-Энх нарт, Хангарьд клуб, Сэлэнгэ амралтын баазын хамт олонд тамирчид маань төдийгүй тэдний дасгалжуулагчид, шүүгчид нь талархаж байна. Боксын холбоог “Эрдэнэт” үйлдвэр ивээлдээ авч, багш дасгалжуулагчид, тамирчдын материаллаг бааз суурийг бүрэн базааж байсан нь өнөөдрийн энэ амжилтын ул суурь байлаа. Монголчууд хурдан морио сойж уян, наадмын өдөр барианд орох тэр торгон агшинд самсая шархиран хүлээдэг шиг Монгол аав ээжийн охид хөвгүүдийнхээ амжилтыг амьсгаа даран хүлээсэн. Тэдний хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бодит биелэл болж монгол түмний магнайд баяр нэмлээ. Монголын тамирчид 1964 оны Токиогийн олимпийн их наадамд оролцон тэнхээ чадал, арга ухаан, тэсвэр тэвчээрээ хөвчлөн дайчилж үүнээс ч илүү амжилт босоо заяатай монгол түмнийг минь хүлээж байгаа нь лавтай.