Tuesday, August 14, 2012

Хөвсгөл нуурыг тунгалаг байлгах үүрэгтэй

0 сэтгэгдэл

Дэлхий гаригийн нийт цэвэр усны томоохон нөөц Монголын нутаг дэвсгэр дээр байж таардаг. Энэ нь бахархал гэхээсээ илүү хариуцлага үүрэг болж хувирлаа. Дэндүү тунгалаг атлаа агуу их усан сан Хөвсгөл далай шиг нөөц газар дэлхийн хуурай газарт өөр байхгүй гэнэ. Байгаль нуур ч тунгалгаараа Хөвсгөлийг гүйцэхгүй. Түүний үндсэн цутгалан Сэлэнгэ буюу Сэлэнгийн салбар Туул Хараа Орхон ямаршуухан булингартайгаар умрыг зорьдгийг бид харж сууна. Харин Хөвсгөл бол Хорьдол Сарьдагийн хомоолын  ч хоггүй уулын жижигхэн булгуудын цуглуулга. Эргэн тойрондоо хүнд үйлдвэр, уул уурхай, химийн хорт орчингүй.
"Ямар их хувь заяагаар эзэн нь болж төрөв" гэж өмчирхөж гайхуулах нэг хэрэг. Нуурын эзэн нь юм чинь яах нь бидний дурын асуудал биш бололтой. Хөвсгөлийг  булингартуулаад байвал эзэн байх эрхээ хураалгаж ч болзошгүй юм. Хуучин ЗХУ-ын үед  баруун аймгийн ихэнх экспорт, импорт Хатгал, Ханх гэсэн боомтоор дамжин өнгөрдөг байлаа. Хойноос орж ирэх ачаа барааг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр өвөл машинаар, зун нь "Сүхбаатар" гэсэн усан онгоцоор зөөж, социалист Монголд усан тээвэр хүртэл  хөгжсөн гэж онгирцгоож байв. Гэтэл бид нийтийн ундны худагт хирээ угаасантай адил үйлдэл хийсээр иржээ. Усанд ганц нэг цаа буга ороод тунах бол биологийн явдал. Харин нефть ачсан машин живбэл  Монголын бус дэлхийн гамшигт тооцогдох болно.
1990 оноос хойш Оростой худалдаа хийх ач холбогдолгүй болсны үр дүнд Хөвсгөл нуурыг гатчихаа зогсоолоо. Одоо зөвхөн хоёр сумын хоорондох орон нутгийн  тээвэр, аялал жуулчлалд зориулсан үйл ажиллагаа явагдаж  их ус нь цэвэр байх шаардлага хангагдаж байна. Байгаль орчны байгууллагууд  бидний өмнөөс, биднээс илүү энэ нууранд санаа зовнидог юм билээ. Монголын байгаль хамгаалагчид ч зүгээр суусангүй. "Хөвсгөл далайн эзэд" ТББ (Б.Баярмаа утас 88101699), "Хөвсгөл хөх сувд төсөл" (Л.Энх-Амгалан утас 88112318), "Өнөөдөр" сонин (Д.Оюун-Эрдэнэ утас 91917371), "ТВ-9" телевиз (Б.Отгон утас 91998919) зэрэг байгууллагууд хандивын данс нээж ("Хөвсгөл далай-Хөх нийгэмлэг", Голомт банк-2010002003) нууранд живж тунасан машин техникүүдийг татаж гарган цэвэрлэхээр болоод байна.
Далайн ёроолоос живсэн техникийн хогийг цэвэрлэхийн тулд багагүй хөрөнгө хүч шаардлагатай аж. Дээрх нөхдүүд нуурын хаахна юу байгааг уйгагүй сурагласны эцэст одоогоор 16 ширхэг техникийн байршлыг тогтоогоод байгаа.  Үүнээс хамгийн том нь Хатгал сумын харалдаа үзүүр нь харагдаж байгаа 30 метр урт, 300 тонн хүнд "Сүхбаатар" онгоцыг татаж гаргахаас эхэлнэ. Хамгийн ноцтой нь түлш шатахуун ачсан хэд хэдэн машин нуурын ёроолд байна. Тухайлбал 1969 онд живсэн дөрвөн тонн түлштэй "ЗИС" машин Ханхаас 14 километр зайд, 1979 онд "ЗИЛ-130" машин 12 тонн бензинтэйгээ  Хачимын үзүүр орчимд 100 метр гүнд, мөн онд эндсэн орос цэргийн "МАЗ" машин түлш ачиж яваад Долоон Уул гэдэг газрын харалдаа, 1996 онд 12 тонн түлштэй живсэн "Гуч" машин Марааны буланд 130 метрийн гүнд тус тус өнөө хэр байсаар байгаа. Машинууд он жилийн явцад усанд зэврэн цоорох юм бол дотроос нь түлш шатахуун гарч нуурын эко системд аюул учруулж мэдэхээр болсон.
Одоо эдгээр техникүүдийг уснаас татаж гаргах мэргэжлийн баг олох буюу бүрдүүлэх мөн далай усанд шумбадаг хэрэглэл баг, усны гүнг дуранддаг зориулалтын техник хэрэгсэл давын өмнө олох шаардлагатай. Нуурын яг хаана ёроолд байгааг эрж олох нь тийм ч амаргүй ажил гэнэ. Баримжаагаар хайвал 200 мерт орчим дахь усны гүн тас харанхуй учир нүдээ аниад тэмтэрсэнтэй ялгаагүй юм. Гэтэл далай хэр том билээ. Хэрэв нэгэнт байршлыг нь тогтоочихвол  хөлөг онгоцоор явж очоод асар урт тороосоор татаад хөлөг дээр гаргачих боломжтой. Зарим нь нуурын эргээс төдийлөн холгүй байдаг гэсэн. Түүнийг бол хуурай газар руу чирч болно. Ер нь нууранд живсэн техник хэрэглийг гаргах мэргэжлийн баг, техник хэрэгсэл хамгийн ойр нь ОХУ-ын Буриадын Байгал нуур орчмын аврах анги гэж товлоод байгаа аж. Гэхдээ өөр хувилбар, сайн санааны баг далайн орнуудаас ирэхийг үгүйсгэхгүй.
Хөвсгөл далайг цэвэрлэх буянтай ажилд олон хүн, байгууллага  биечлэн оролцох, хандив нэмэрлэхээр болоод байна.