Tuesday, August 14, 2012

Хятадад онц аюултай гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байна

0 сэтгэгдэл
Хятадын цагдаа нар арав гаруй аллага үйлдсэн гэх хэрэгт сэжиглэн 42 настай Жоу Кэхуаг эрэн сурвалжилж байгаа талаар "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Цагдаа нарын онцолсноор гэмт этгээд дээрэм хийхдээ аллага үйлддэг байна. Хамгийн сүүлд тэрээр Чунцин хотын зах дээр дээрэм хийхдээ нэгэн бүсгүйн амийг хөнөөгөөд зугтжээ. Араас нь нэхэн хөөсөн цагдааг ч гэмт этгээд буудан алжээ. Түүнийг Чунцин хотоос холгүй орших Гэлэшань ууланд бүгсэн байж болзошгүй хэмээх таамгийг дэвшүүлээд байна. Тиймээс цагдаа нар уулыг бүслэлтдээ аваад байгаа аж. Үүний зэрэгцээ Хятадын хууль сахиулагчид гэмт этгээдийн зургийг хаа сайгүй наажээ. Жоу Кэхуаг тус улсын арав гаруй хотод аллага үйлдсэн гэж сэжиглэж байгаа юм байна. Түүний хохирогчид ихэвчлэн банкнаас их хэмжээний мөнгө авч гарсан хүмүүс байдаг аж. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр Жоу Кэхуагийн талаар мэдээлэл өгсөн хүнд 80 мянган ам.долларын шагнал амлаад байна. Дашрамд дурдахад, Хятадын хуулинд зааснаар бол хувь хүмүүс зэвсэг эзэмшихийг хориглодог аж.