Tuesday, August 14, 2012

Булган аймаг цөм сүргийн суурьтай боллоо

0 сэтгэгдэл

Булган аймгийн Булган сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах асуудлыг хөндөн төв суурингийн ойролцоох айл өрх цөөн малаас өрх гэрийнхээ хэрэгцээг хангах боломжийг өргөтгөх зорилт тавьж ажиллажээ.
Энэ нь "Тооноос чанарт" гэж ард иргэдийн эрхэмлэдэг зарчмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой ажил хэмээн иргэд таашааж байна. Өнгөрсөн хугацаанд "Ханхар тав" үржлийн нэгж шинээр байгуулсан нь дээрх зорилтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ нэгж нь үзэмчин, барга омгийн 230 хонь, "Сэлэнгэ" үүлдрийн 20 үнээ үржүүлж байна. Ингэснээр сумын цөм сүргийн суурьтай болгож цөм сүргийнхээ тоо толгойг өсгөлөө.
Түүнчлэн мал сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулах зорилгоор 63 өрхийн малд ангилалт явуулж шилмэл сүргийг нэмэгдүүлжээ. Хонины үүлдэр угсаа болон чанарыг сайжруулахаар 44 малчин өрхийн шилмэл 799 хонинд үзэмчин, баяд үүлдрийн хуцаар, мөн 130 үнээнд хар тарлан, симменталь, алатау үүлдрийн бухны хөлдөөсөн үрээр зохиомол хээлтүүлэг хийжээ. Энэ бүхний дүнд 2008 онтой харьцуулахад зохиомол хээлтүүлэгт хамруулсан хонь болон үнээ 40 хувь нэмэгдсэн, мөн нийт малд цөм сүргийн эзлэх хэмжээ 10 хувь болж 54 хувь өсөөд байна.