Thursday, August 16, 2012

“Найрамдал” медалиар шагнав

0 сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Вацлав Йилэкийг элчин сайдын үүрэгт ажлаа өндөрлөн, бүрмөсөн нутаг буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч “Монгол, Чех улсууд олон жилийн уламжлалт, найрсаг харилцаатай. Манай хоёр улс нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгож багагүй бэрхшээлтэй тулгарч байсан ч бид хамтдаа хүнд хэцүү үеийг амжилттай даван туулж чадсанд баяртай байдаг. Элчин сайдаар ажиллах хугацаандаа Чехийн Засгийн даргын Монгол Улсад хийсэн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэх, Монгол-Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдааныг сэргээх ажилд хувь нэмрээ оруулсанд тань талархал илэрхийлье. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье” гэв.
Харин Элчин сайд В.Йилэк хэлэхдээ, “Дөрвөн жилийн хугацаанд миний бие эх орноо төлөөлөн Монгол Улсад суух Элчин сайдаар ажилласандаа туйлын баяртай байна. Монгол Улс нь Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг амжилттай даргалж ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн Монгол Улс цаазаар авах ялыг халсан явдал нь Европын Холбооны талархлыг зүй ёсоор хүлээсэн алхам боллоо” хэмээн онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Вацлав Йилэкийг Найрамдал медалиар шагнасан юм.