Monday, August 13, 2012

Трактор тараах ажил иргэдийг туйлдуулж байна

0 сэтгэгдэл
traktorХүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалан эрхлэгчдэд болон малчдад хөнгөлөлттэй үнээр буюу зээлээр трактор олгож байгаа юм. БНХАУ-аас нийт 8000 ширхэг трактор оруулж ирж Саппорогийн урд байрлах "Эрин интернэйшнл" ХХК-ийн гаалийн агуулахын хашаанд тарааж байгаа аж. Трактор авахаар хөдөө орон нутгаас ирсэн иргэд сар орчим хүлээж байгаа ч өнөөг хүртэл авч чадахгүй байна гэсэн мэдээллийг сурвалжлахаар очив.
Хашааны үүдээр оронгуут "Портер", "Пронтер" зэрэг бага оврын ачааны машинууд эгнэн зогсчээ. Трактороо аваад машиндаа ачаад нутаг буцахад бэлэн байгаа нь энэ аж. Иргэд хашааны үүдэнд дараалан зогсч, нэрээ дуудахыг хүлээнэ. ХХААХҮЯ-наас тариалан эрхлэгчдийг дэмжиж БНХАУ-аас оруулж ирсэн энэхүү хөнгөлөлттэй зээлээр олгож буй бага оврын 8000 трактороос таван мянга нь анжистай, гурван мянга нь хадуур тармууртай юм байна. Тариаланчид, малчид улсад 540-700 кг мах тушаасан аж. Харин тракторын үнэ нь таван сая төгрөг. Трактор авахын тулд нэг кг-ийг нь 5000 төгрөгөөр бодож 540 кг мах тушаагаад үлдсэн мөнгийг нь тодорхой хугацаанд төлөх ёстой юм байна. Иргэд улстай байгуулсан гэрээ болон мах тушаасан баримтаа үзүүлж бүртгүүлсэн дугаарынхаа дагуу трактороо авах аж. Өдөрт дунджаар 50-70 орчим трактор иргэдийн гарт хүрч байгаа гэнэ. Гэвч тараах ажил ямар ч зохион байгуулалтгүйн улмаас орон нутгаас ирсэн иргэд бараг сар гаруй хүлээж буй юм байна. Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн (нэрээ хэлэхийг хүссэнгүй) "Миний авах ёстсй хуваарь 720 орчимд байсан. Гэтэл өнөөдөр 1000 гарсан дугаартай хүмүүс авч байх жишээтэй.
Асуухаар цаанаасаа нэр ингэж ирсэн байна гээд халгаадаггүй. Надад хотод хамаатан садан гэж байхгүй. Хонох газаргүй цөөн хэдэн төгрөгөө үрээд дууслаа. Одоо яах юм бүү мэд" гэв. "Миний нэр яагаад байдаггүй юм", "Арай хэтэрлээ би ирээд арав хонож байна. Өнөөдөр өгнө гэсэн биз дээ", "Чи тэр арын хаалганы хүнээ урдуур хэдэн төгрөгөөр оруулдаг юм . Би тэр мөнгийг чинь өгөөд трактороо авмаар байна" гэж зохион байгуулагч Наранбат гэдэг залуу руу хашгичих нь сонсогдоно. Түүнээс тодруулга авах гэсэн боловч яамнаас ав, эсвэл менежер Баярмаагаас асуу гэж хэлээд өөрөөсөө холдуулав. Харин менежер Баярмаа хариулт өгөхийг хүссэнгүй яваад өгөв.