Tuesday, August 14, 2012

Олимпийн хаалт, нээлтээсээ илүү байсан уу?

0 сэтгэгдэл

Зуны ХХХ олимп Лондон хотноо 17 өдрийн турш зохиогдож хаалтаа хийлээ. Ажиглагчид олимпийн хаалтын үйл ажиллагаа нээлтээсээ хавьгүй илүү болсныг онцолжээ. Лондоны цагаар өнгөрсөн ням гаригийн 21:00 цагт эхэлсэн хаалтын үйл ажиллагаа бусад олимпийн төгсгөлийн шоунаас олон зүйлээр ялгарч байжээ. Ойролцоогоор таван мянга гаруй дуулаач, 3500 гаруй хөгжимчин 380 хүүхдийн хамт хаалтын концертод хоор дуу толилуулсан бөгөөд зүүн Лондоны зургаан томоохон дуурийн сургууль хамтарчээ. “Лондон-2012” олимпийн хамгийн сэтгэл хөдөлгөм дүр зураг яахын аргагүй атмосперийг санагдуулам өнгөт гэрлийн шоу байсан бөгөөд төв цэнгэлдэхийг дээвэртэй мэт харагдуулж чадсаныг хэвлэлүүд бичиж байв. Лондоны олимпт амжилт үзүүлсэн тамирчид цэнгэлдэх хүрээлэнд хөгжимчдийн хамт орж ирсэн бөгөөд энэ үеэр “Британийн симфони оркестр” хамгийн шилдэг ая дуугаа өргөж, сүүлийн 50 жил харагдаагүй нүсэр хөгжмийн чуулган болсон байна. Аливаа олимпийн хаалт бүр ирэх олимпийн нээлтийг билэгддэгийн жамаар 2016 онд Рио Де Жанеиро хотод зохиогдох олимпийг дүрсэлсэн зарим үзүүлбэр хаалтын шоуны гол чимэг байжээ. “Лондон-2012” нээлтийн ажиллагаа нүсэр хэмжээнд болсон ч үзэгчдийг багагүй залхаах төлөвтэй болсон талаар Европын шинжээчид тухайн үед онцолж байв. Нээлтийн ажиллагааны үеэр цэнгэлдэхийн голд Их Британийн түүхэн хувьсал явагдсан нь бахдмаар байсан ч хэтэрхий удаан үргэлжилсэн гэсэн дүгнэлт өгчээ.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД ХҮЛЦЭЛ ӨЧЛӨӨ

Өө сэвгүй зүйл гэж үгүй ч иймэрхүү том арга хэмжээнд таван хуруунаас илүү тоологдох алдаа гаргасан Лондоны олимп зохион байгуулагчид үзэгчдээс хүлцэл өчлөө. Өөрөөр хэлбэл, Энэтхэгийн баг тамирчдаас уучлалт гуйж, нөхцөл байдлыг дахин авч үзэхээ амласан. Учир нь, олимпийн нээлтийн үеэр Энэтхэгийн баг тамирчид дунд үл таних эмэгтэй алхаж явсныг зохион байгуулах хорооны хамгаалалтын ажилчид анзааралгүй, цэнгэлдэхийг бүтэн тойруулсан явдал болж өнгөрсөн. Түүнээс гадна, эрэгтэйчүүдийн ширээний теннисний төрлийн медаль гардуулах ажиллагааны үеэр АНУ-ын төрийн далбаа өлгөцнөөс газар унасан нь зохион байгуулагчдын хайнга үйлдлийн бас нэг жишээ болсон. Дараагийн жишээ нь цагийн механизмийн алдаанаас болж медалиа алдсан Өмнөд Солонгосын тамирчин Ил. Магадгүй түүний харуусал хэдэн жил үргэлжилж, тамирчных нь замналд асар том хохирол учирсан ч байж болох. Тийм учир Лондоны олимпийн хороо түүнд ил захидал илгээж, уучлалт хүсчээ. Юутай ч хүн төрөлхтний их баяр, цэнгэл ижил тоо давхацсан зуны ХХХ олимп Лондон хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.