Thursday, August 16, 2012

Улсын баатрын утааны эсрэг тэмцэл эхлэв

0 сэтгэгдэл

Хотын мэр Э.Бат-Үүл сонгуулийн амлалтдаа хүрэхээр зүтгэж эхлэв. Улаанбаатарын утаа, замын хөдөлгөөний түгжрэл нийслэлчүүдийг дарга цэрэг, баян ядуу гэж ялгалгүй уурыг нь барж байна. Тэднийг энэ зовлонгоос ангижруулах амлалт өгсний хүчинд АН сонгуулиар МАН-ын олон жилийн ноёрхлыг унагасан юм. Экс мэр Г.Мөнхбаяр жил дараалан олон тэрбум төгрөгийг Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг тэмцэнэ гэж улсын төсвөөс аваад утаанд ялагдсан. Өчигдөр тэр нийслэлийн МАН-ын даргын тахимаа бас өглөө.
Одоо улсын баатар Э.Бат-Үүл утааны эсрэг давшилтын галын бэлтгэлээ эхлэв. Монголчуудын талаас илүү нь Улаанбаатарт амьдардаг, тэдний 60 хувь нь гэр хороололд оршин суудаг. Өөрөөр хэлбэл, 184 мянган өрхийн 736 мянган хүн гэсэн үг. Хөөрхий тэд өвлийг дулаахан давахын тулд муу пийшингээ улайстал галлахаас өөр аргагүй. Амьдрал барзгар байгаа учраас юу эс түлэхэв. Улаанбаатарын утааны 70 хувь гэр хорооллоос үүдэлтэй гэдгийг судалгаагаар нэгэнт тогтоосон юм.
21 дүгээр зуунд хотынхон хүн шиг амьдрахын тулд гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбож, зам харгуй тавих хэрэгтэй. Ийм дэд бүтцийг бий болгоход 1,8 их наяд төгрөг шаардагдана. Энэ нь 2012 оны улсын төсвийн 32 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Монгол Улс газрын баялгийнхаа үр шимээр хөлжиж, эдийн засаг 17 хувиар өслөө. Уул уурхайн салбарт татварын зохицуулалтыг хэр оновчтой бүрдүүлснээр байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээж, богино хугацаанд хөгжлийн хүссэн түвшиндээ хүрч чадах эсэх нь багагүй шалтгаалдаг байна.
Манайхан гадагшаа зэс, цайрын баяжмал, нүүрсийг их хэмжээгээр гаргаж байна. Ялангуяа нүүрсний экспорт зэсийнхээс давж, өмнөх оныхоос 129 хувиар нэмэгджээ. Монгол Улс хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх зорилго тавьж байгаа ч нүүрс, төмрийн хүдрийн уурхайнууд шинээр нээгдэж, олборлох зардал бага байгаагаас экспорт нэмэгдэх таатай орчин бүрдэж байна. Харамсалтай нь дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч, манай урд хөрш Хятад улс Монголын нүүрсийг түүхийгээр нь дэлхийн зах зээлийн үнээс 50 хувь хямдаар авдаг. Тиймээс манай төсвийн орлого төдийчинээ дундардаг нь ойлгомжтой.
Харин Хятад эрдэс бүтээгдэхүүндээ экспортын татвар ногдуулдаг. Экспортын татвар нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас шалтгаалан өсөх хандлагатай байгаа. Олон улсын практикаас харахад нүүрсний экспортын татвар дунджаар 6,5-25 хувь байна. Хойд, урд хөрш ОХУ, БНХАУ-д нүүрсний нийт татварын хэмжээ бүр 56-70 хувьд хүрчээ. Гэтэл дэлхийд нүүрсний экспортын татваргүй ганцхан орон бол манай Монгол. ӨАБНУ, Австрали гэхэд бүр нүүрсний үнийн өсөлтөд 10-40 хувийн татвар тогтоожээ. АНУ-д нүүрсний ашиглалтын лицензийг газрын хэвлийд байхаас нь дуудлага худалдаагаар зардаг байна.
Япон зэрэг хөгжилтэй орнуудад зорилтот татварын аргаар хөрөнгө босгож, томоохон зорилтоо хэрэгжүүлдэг  ажээ. Өөрөөр хэлбэл зарим төрлийн татварын орлогыг тулгамдсан зорилтоо цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд 100 хувь зарцуулдаг байна. Иймээс нүүрсний экспортод татвар тогтоох цаг болсон гэж зарим эрхэм гишүүн үзэж байна. Манайд нүүрсний роялти тав, орлогод 10-25, нэмэгдсэн өртөгт 10 хувийн татвар ногдуулдаг нь нийлээд дөнгөж 40 хувь болж байгаа юм. Тэгвэл нүүрс, төмрийн хүдэрт долоон хувийн экспортын татвар ногдуулснаар жилдээ 488 тэрбум төгрөг буюу 370 сая орчим ам. долларын орлого олох бололцоотой. Энэ орлого жил тутам 20-оос доошгүй хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Нүүрсний экспортын дөрвөн жилийн татварын орлогоор мөнөөх гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 1,8 их наяд төгрөгийн хөрөнгийг саадгүй босгож чадна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд, С.Эрдэнэ нарын зургаан эрхэм Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Уг хуульд заасан зорилтот татварын орлогыг түүхий нүүрс, баяжуулсан нүүрс буюу хуурай болон нойтон технологийн аргаар боловсруулалт хийсэн нүүрс, мөн эцсийн бүтээгдэхүүн буюу хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүний экспортын татвараар бүрдүүлэхээр заажээ. Гэхдээ ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эхний 4-8 жилд оруулсан хөрөнгө оруулалтын зардал татварт ногдох орлогоос хасагдах юм. Нүүрсний экспортын татварыг боловсруулалтын түвшингээс шалтгаалан ялгавартай тогтоох бөгөөд боловсруулалтын түвшин ахих тутам ажлын байр нэмэгдэж, татварын хэмжээ багасна. Цаашилбал төмрийн баяжмал, төмрийн хүдрийн экспортод ч татвар ногдуулахаар тусгажээ.
Зорилтот татварын тогтолцоо нь манай улсын хувьд шинэ алхам болох юм. Хуульд зааснаар зорилтот татвар гэж тусгай байдлаар тодорхойлогдсон зардалд ногдуулах татвар бөгөөд энэ татвараар улсын болон орон нутгийн төсөвт орсон орлогыг хуульд заасан зориулалтаар зарцуулах татварыг хэлнэ гэжээ. Мөн нийслэлийн гэр хорооллын дэд бүтэц гэж эрчим хүч, цэвэр, бохир усны шугам, харилцаа холбооны шугам сүлжээний барилга байгууламжийг хэлнэ гэсэн байна.
Манай улсын ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 хувьд хүрчээ. Цаашид Оюутолгой, Тавантолгойн стратегийн орд газрын олборлолтын үйл ажиллагаа эхэлснээр энэ хэмжээ 98 хувийг эзлэхээр байна. Зорилтот татварын тогтолцоо нь боловсруулаагүй нүүрсийг дэлхийн зах зээлээс маш доогуур үнээр экспортолж байгаа гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. “Чин хуа МАК” ХХК 2012 онд 1,5 сая тн нүүрс экспортлохоор тооцсон боловч тогтвортой байдлын гэрээний хүрээнд татварын орчин зохицуулагдахаар байна. Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн нийт татварын хэмжээ экспортын татварыг нэмээд ч бусад орнуудтай харьцуулахад хамаагүй доод түвшинд байгаа нь гадаадын хөрөнгө оруулалт буурах шалтгаан болохгүй.
Үнэхээр хүн шиг амьдарч, улс шиг хөгжихөд зорилтот татварын тогтолцоо том хөшүүрэг болох ирээдүй байна. Эхний ээлжинд эрхэм гишүүдийн дарах кнопноос хуулийн хувь заяа шалтгаална. МАК-ийн Нямтайширын Номтойбаяр, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ нарын нүүрсний акулууд улс орны эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэх эрхэм гишүүний өргөсөн тангаргийнхаа өөдөөс сөрнө гэж юу байхав. Тэгээд ч УИХ-ын гишүүд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн дагуу ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ албан ёсоор мэдүүлэх үүрэгтэй. Хуульд бас “Албан тушаалтны ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй төдийгүй иргэд саадгүй танилцах боломжоор хангагдана” гэсэн заалт ч бий.
Спикерийн гар бие оролцсон экспортын татвартай холбогдох хуулиудын төсөл эрхэм түшээдийн ширээн дээр хэдийнэ тавигдаж, хотын мэр, улсын баатар Э.Бат-Үүл хуулийн хувь заяа хэрхэн шийдэгдэхийг их давшилтын өмнөх нам гүм шиг хүлээж ядаж байна. Утааны эсрэг улсын баатрын тэмцэл эхлэв.