Tuesday, August 14, 2012
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ханын материалын эцсийн уулзвараас Баянхошууны тойрог хүртэлх зам засварын ажил саатжээ. Энэ талаар сурвалжлахаар Баянхошууг зорилоо.
Баянхошууны гэгдэх энэхүү зам нь 1980-аад онд тавигдсанаас хойш өнөөг хүртэл нэг ч удаа их засварын ажил хийгдээгүй байна. Ханын материалын уулзвараас дээш Баянхошууны тойрог хүртэл замын хоёр талаар газрыг нь хэмжиж цэнхэр, улаан өнгийн туг зоогоод тэгшилж зам тавихад бэлэн болсон харагдав. Мөн замын хоёр хажуугаар газар ухаж шороо овоолсон байв. Дээрх хэмжээс бүхий туг зарим хэсэгтээ айлын хашаан дотор, хашаанд тулсан байх юм. Энэхүү замын хоёр талаар явган хүний зам тавих юм байна. Иргэдийн ярьж буйгаар тэмдэг тавьж хэмжсэн тугнаас хашаа, байшин нь хэтрэх юм бол хашаагаа татаж, байшингаа буулган зам тавих газрыг нь чөлөөлж өгөх ёстой гэнэ.
Харин иргэд энэ олон жил амьдарчихаад кадастрт орсон газраасаа "илүүчлэхийг" хүсэхгүй байгаа ажээ. Тус зам дагуу хүнсний дэлгүүр ажиллуулдаг нэгэн иргэн "Манай газар нийслэлийн газрын албаны кадастрт орсон, өөрийн нэр дээрээ өмчлөөд авчихсан гэсэн үг. Тиймээс бид юу гэж газраа танах юм бэ. Гэхдээ манай дэлгүүр бол үнэндээ хашааны гадна кадастрт хараахан ороогүй байгаа. Иймд бид дэлгүүрийнхээ үүдний амбаарыг буулгаж үүдээ нөгөө тал руу нь харуулах бодол байна. Үүнийгээ газрын албанд мэдэгдэхээр төлөвлөөд байна" гэв. Харин зам тулж хашаа байшингаа барьсан зарим иргэн "Хашаа байшингаа буулгана гэдэг хүүхдийн эвлүүлдэг тоглоом угсрах шиг амархан ажил биш. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа их орно. Одоогийн байдлаар бид шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа болохоор бидний өмчийг дур мэдэн нураах эрхгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв. Уг зам засварын ажлыг "Хувиа Монголиа" ХХК гүйцэтгэж байгаа юм байна.
Энэ талаар тус компанийн төслийн менежер Н.Өлзийбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн зам засварын ажил удааширч байна гэсэн. Энэ үнэнүү?
-Бид зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа. Гэсэн хэдий ч биднээс шалтгаалахгүй зарим нэг асуудал гарч ирж байна. Учир нь зам засвар болон шинэчлэлтийн ажил маань 2007 оны зураг төслөөр хийгдэж байгаа. Мэдээж таван жилийн хугацаанд зам дагаж олон айл буусан байгаа. Шаардлагатай газрыг чөлөөлж өгөхгүй бол бид ч хоног хугацаа алдана гэсэн үг. Тиймээс холбогдох айлуудад нийслэлийн газрын албанаас газраа чөлөөлөх шаардлага хүргүүлээд байна.
-Одоогоор хичнээн айлд шаардлага хүргүүлээд байна вэ?
-Үндсэндээ зам засварын ажилд саад болохуйц 150 айл, өрх байсан. Өнөөдрийн байдлаар 20 орчим хувь нь хашаагаа татаж газраа чөлөөлж өгсөн.
-Үлдсэн хэсэг нь шаардлагыг хүлээж авч газраа чөлөөлөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ бол бидний асуудал биш. Манайх зам засварын ажлыг гүйцэтгэгч компани болохоос биш иргэдийн дунд газрын зохицуулалт хийдэг газар биш. Нийслэлийн газрын албаныхан болон иргэд өөрсдөө учраа олох байх.
-Хичнээн км замд засвар хийж байна вэ?
-Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошууны тойрог хүртэл нийт 3.4 км замд засвар хийж, 14 метр өргөн зам тавьж, хоёр талаар нь 2.25 метр хэмжээтэй явган хүний зам байгуулах юм.
-Засварын ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Улсын төсвөөр хийгдэх бөгөөд замын засвар болон шинэчлэлийг гүйцэтгэхэд нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулагдана.
-Хэзээ дуусах вэ?
-Зам засвар, шинэчлэлийн ажлыг энэ оны аравдугаар сар хүртэл хийгээд зогсоно. Ер нь ирэх оны долдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөх гэрээ хийсэн. Зарим айлууд нүүх газар алга, ирэх жил газраа суллая гэх зэрэг хүсэлт тавьж байгаа. Хамгийн гол нь нийслэлийн Газрын албаныхан хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж замын хоёр талд ойрхон байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор өгөх хэрэгтэй. Газар чөлөөлөх ажлаа иргэд цаг алдалгүй хийвэл замын ажил хугацаандаа дуусна гэлээ.
Харин газраа чөлөөлж хашаагаа татсан иргэд "Баянхошууны зам арай дэндүү эвдэрч явахын эцэсгүй болсон. Ойрын хэдэн жил ямар ч засвар хийгдээгүй. Ядаж байхад маш их тоос шороотой. Хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхөд төвөгтэй байдаг. Ингээд засаад гэрэлтүүлэг тавьчих юм бол оршин суугчид бидэнд л амар шүү дээ. Адаглаад согтуу хүн, нохой хоёроос айж шон мөргөчихгүй" гэж ярьцгааж байв.
About the author
admin had written 8 articles for Inspiration BlogDonec accumsan malesuada orcidonec sitmet eros lorem isum dolor amet incon. Adipiscing elit maurise pharetra magna accumsan. Malesuada orcdonec umet lorem doloronsec malesuada.
Subscribe to:
Post Comments (Atom)