Tuesday, August 14, 2012
-ОРОСУУД МОНГОЛЫН БОКСЫН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН АРГА БАРИЛЫГ ГУЧИН ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ ГЭЖ ШҮҮМЖИЛЛЭЭ-
Лондонгийн олимпод Монгол Улсыг төлөөлж 29 тамирчин спортын долоон төрөлд хүч үзэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. Манай улс медалийн чанараар 204 орноос 56 дугаар байрт шалгарсан юм.
Энэ удаагийн олимпод 10820 тамирчин 26 спортын 302 төрөлд хүч сорьсон. АНУ, БНХАУ олимпийн наадмын эхний өдрөөс л түрүү байрны төлөө ширүүн өрсөлдсөн билээ. БНХАУ өмнөх олимпод үзүүлсэн амжилтаа давтаж алтан медалийнхаа тоог ахиулна хэмээж байсан ч энэ удаад аман хүзүүдлээ. Америкчууд "Лондон 2012" биднийх болно хэмээн наадмын эхнээс л ярьцгааж байсан нь биелж 46 алт, 29 мөнгө, 29 хүрэл нийт 104 медальтайгаар тэргүүлэв.
ОХУ энэ удаагийн олимпод эхний гурван байрт баараггүй орно гэсэн зорилт тавьсан ч зохион байгуулагч орны багт байраа алдлаа. Оросуудын хувьд дөрөвдүгээр байрт шалгарсан нь хүсэн хүлээсэн амжилт нь биш гэцгээж байна. Тус улсын спортын мэргэжилтнүүд "Үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломж байсан" гэжээ.
Германчууд 11 алт, 19 мөнгө, 14 хүрэл медаль, нийт 44 медаль хүртэж зургадугаар байрт шалгарсан бол тэдний өмнө БНСУ-ын баг 13 алт, найман мөнгө, долоон хүрэл, нийт 28 медальтайгаар тавдугаарт орлоо. БНСУ-ын амжилт бол медалийн тоо чухал биш, хамгийн гол нь чанар гэдгийг харуулав.
Харин манай спортынхны хувьд аль болох л олон медаль хүртвэл амжилт гэж ташаарч байна. Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хорооныхон энэ удаагийн олимпод монголчууд өмнө нь байгаагүй амжилт гаргаж тавын таван медаль хүртлээ гэх юм.
Гэтэл үнэндээ Лондонгийн олимпод манайхан 2008 оны Бээжингийн олимпод үзүүлсэн улсынхаа чансааг бууруулчихлаа. 2008 оны олимпод манай улс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 31 дүгээр байрт шалгарч байв. Харамсалтай нь Лондонгийн олимпод энэ сайхан амжилтаа хорь гаруй байраар ухраачихав.
"Лондон-2012"-т манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Б.Наранбаатар (55 кг), О.Үйтүмэн (84 кг), П.Өнөрбат (74 кг), Ж.Чулуунбат (120 кг), Д.Отгонцэцэг (48 кг), С.Бямбацэрэн (55 кг), С.Батцэцэг (63 кг), О.Бурмаа (72 кг), жүдод Д.Төмөрхүлэг (60 кг), Х.Цагаанбаатар (66 кг), С.Ням-Очир (73 кг), Н.Түвшинбаяр (-100 кг), М.Уранцэцэг (48 кг), М.Бундмаа (52 кг), Д.Сумьяа (57 кг), Ц.Мөнхзаяа (63 кг), П.Лхамдэгд (-78 кг) нар тус тус төлөөлөн барилдсан. Мөн усанд сэлэлтээр А.Тамир, Г.Оюунгэрэл, хөнгөн атлетикийн марафоны төрлөөр Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, буудлагаар Н.Баяраа, О.Гүндэгмаа, байт харваагаар Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, боксоор П.Сэрдамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат нар тус тус эх орноо төлөөлөн өрсөлдсөн. Эднээс таван тамирчин нь медалийн тавцанд гарч, эх орныхоо далбааг Лондонгийн тэнгэрт мандуулав.
Спорт сонирхогч, спортын мэргэжилтэн, ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаагийн олимпоос манайх хоёроос гурван алт, дөрвөөс таван мөнгөн медальтай байх байжээ. Манай тамирчдын нэг нийтлэг алдаа нь сэтгэлзүй. Жишээ нь, Ц.Мөнхзаяагийн хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялалт байгуулчихлаа хэмээн баярлатал шүүгч оноог нь цуцалчихсан. Ингээд л Ц.Мөнхзаяагийн хөл, гар нь хөдлөхөө байж, сэтгэлээр илт унасан нь хэнд ч мэдэгдэхээр, царайнаас нь анзаарагдсан. Ингээд тэрээр хүрэл медалийн төлөө барилдахаар гарч ирэхдээ аль хэдийнэ "Би ялагдах байх аа" гэсэн дүртэй, өөртөө итгэлгүй татамид гарсан. Барилдаан ч түүний бодсоноор болсон. Манай тамирчид ингэж л сэтгэл зүйгээр өөртөө ялагдлыг дууддаг. Ийм жишээг олимпод оролцсон манай бусад тамирчид ч гаргасан. С.Батцэцэгт аварга болох боломж байсан ч Японы бөх Ичо Каоритай барилдахдаа нэг л бэргээд ер хөдлөөгүй. Зүгээр л шахуу ялалтаа өгчихсөн. Японы тамирчны олимпийн хошой, дэлхийн долоон удаагийн аварга, жиндээ дархлагдсан гэдэг нь өнгөрсөнд болсон явдал л даа, уг нь. Тухайн агшинд л хэн нь түрүүлж сэтгэж чадсанд нь л ялалт ирдэг. Манай тамирчид ингэж өрсөлдөгчийнхөө цол гуншинтай "барилдаад" зүрх алддагийг сая та бид олимпийн үеэр харлаа.
Бас ялж яваад цагийн төгсгөлд оноо алдаад ялагдчихаж байгаа юм. Эсвэл хэт өөртөө бардсан байдлаар өрсөлдөгчтэйгээ хандаад дийлдсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд л оролцож байгаа юм шиг ринг, дэвжээнд гүйж гараад л ялагдчихна. Олимп чинь улсын аварга шалгаруулах тэмцээн биш. Олимпийн наадамд шилэгдсэн, эх орноосоо шалгарсан Майкл Фелпс, Усайн Болт шиг тамирчид ирж ан мана үзэлцдэг талбар гэдгийг манайхан ухаарахгүй юм байх даа. Олимпийн дэвжээнд П.Сэрдамба монголын хөдөлмөрийн баатар байна уу, М.Бундмаа гавьяат тамирчин байна уу, Х.Цагаанбаатар дэлхийд чансаагаараа тэргүүлдэг байна уу, ер хамаагүй.
Энэ бүхнийг анзаарахад тамирчид л алдаа гаргаад байгаа юм шиг харагдах ч цаана нь ажиллаж байгаа багш, дасгалжуулагч, эмч, илээч, холбооныхон нь гээд маш олон хүнтэй шууд хамааралтай.
Лондонгийн олимпийн үеэр манайханд дасгалжуулагчийн ур чадвар, сэтгэл илт дутагдсан төрөл бол бокс байв. Энэ тухай ОХУ-ын спортын мэргэжилтнүүд, боксын ахмад дасгалжуулагч, тамирчид хүртэл шүүмжлэлтэй хандаж байна.
Тэд "Монголын боксчдод ур чадвар, авьяас, хурд байна. Харин зөв тактик гэхээр юм ер алга. Энэ бол дасгалжуулагчидтай шууд хамаатай. Ринг дээр ажиллаж байгаа Монголын боксчиноос эрч хүч ханхалж буй ч, ямар ч бокс харагдахгүй байна. Монголын дасгалжуулагчдын ажиллаж байгаа байдал гучин жилийн өмнөхөөс өөрчлөгдсөнгүй" гэсэн байна.
Оросууд манайд атаархсандаа ч юм уу, Н.Төгсцогтод Мишагаа "зодуулчихаад" ингэж ярьсан хэрэг биш л дээ. Өөрийнх нь улсын тамирчин Миша Алояныг мөнгөн медалийн төлөөх өрсөлдөөнд 15:11 харьцаагаар ялсан Монголын боксчин Н.Төгсцогт тийм сүрхий юм бол аваргын төлөө яаж тоглохыг нь харъя гээд сууж байтал яалтгүй ч тамирчин нь ажиллаад байдаг, дасгалжуулагчийн нөлөө огт харагдахгүй байхад ингэж шүүмжлэх нь зөв юм. Тамирчин нь эхний үед ялагдчихаад дасгалжуулагч дээрээ очоод буцаж тоглоход тоглолт нь арай өөр болчихсон байдаг, өрсөлдөгчөөсөө оноо салгах хэмжээний дориун болчихдог.
Аваргын төлөө тоглосон Н.Төгсцогт, мөнгөн медалийн төлөө тоглосон У.Мөнх-Эрдэнэ нар дээр дасгалжуулагчид нь алдаа гаргасан. Тамирчид зөвхөн өөрсдийн сурсан дадал, туршлагаараа л медаль зүүлээ. Үе дуусаад тамирчин буланд очоод суухад дасгалжуулагчид тоглолтын өмнөх үеүдэд анализ хийчихсэн, хамгийн хэрэгтэй зөвлөгөөгөө өгч амждаг. Завсарлагаанаар тамирчин руугаа ус цацаад, алчуураар сайн сэвснээрээ дасгалжуулагч болчихгүй.
Хэрэв боксынхны дасгалжуулалт арай өөр байсан бол манай дөрвөн боксчин дөрвүүлээ медалийн эзэд болох боломжтой байсныг боксын спорт сонирхогчид ярьж байна. Монголын боксын спортын ахмад дасгалжуулагчид "Манай боксчид чадалтай байсан ч тактик дутлаа. Тактик гэдэг чинь бөхөөр бол мэх шүү дээ. Боксчдод маань дасгалжуулагчид ер мэх зааж өгөхгүй юм. Завсарлагааны нэг минутад л дасгалжуулагч хүн тамирчнаа дасгалжуулдаг. Дасгалжуулагч тэрхэн агшинд л бүх юмаа хийдэг" гэж шүүмжилж байгаа юм.
Манайхан дасгалжуулагч болон сэтгэлзүйн асуудлаас үүдэн медалийн төлөөх өрсөлдөөнөөсөө буусан ч энэ удаад таван тамирчин маань медаль хүртсээн. Н.Түвшинбаяр тамирчны жинхэнэ араншинг гайхалтай харуулсаар аваргын төлөө барилдсан. Гэсэн ч бэртэл гэдэг бол ямар ч хүнийг мохоодог ч манай тамирчин гэмтлээ өрсөлдөгчөөсөө нууж "Эцсээ хүртэл үзнэ" гээд татамид гараад ялагдсан. Түүнтэй өрсөлдсөн ОХУ-ын тамирчин Т.Хайбулаев дараа нь "Би монголын жүдочийн хөл нь гэмтсэнийг медалийн тавцанд гарах үедээ л мэдсэн" гэж хэлж байхав.
Хорьхон насандаа олимпийн рингээс мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт, гурав дахь олимпдоо хүч үзэж хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ нар хоёул аварга болох магадлалтай тамирчдын жагсаалтад байсан юм шүү.
Лондонгийн олимпод найман тамирчнаа оролцуулсан чөлөөт бөхийнхөн ганцхан хүрэл медаль хүртлээ. Түүнийг нь Москвагийн ДАШТ-д улсынхаа нүүрийг тахалж, чөлөөт бөхийнхнийг "аварч" байсан С.Батцэцэг авсан. Харин чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид хангалтгүй барилдсаныг хэн хүнгүй хэлж байна.
Ийнхүү хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны ХХХ олимпийн наадмыг Монголын баг тамирчид алдаа, оноотой, сургамжтай, оросуудын шүүмжлэлтэйгээр өндөрлүүллээ.
Спортын байгууллагын удирдлагууд "Бид энэ удаад таван медаль авч монголын түүхэнд гаргаагүй амжилт гаргалаа" хэмээн тоон үзүүлэлт ярьж ард түмнийг хуурахынхаа оронд шигшээ багийнхны дасгалжуулагчидтай тулж ажиллаж, спортын сэтгэлзүйчдийн орон тоог гаргавал яасан юм гэж үзэгч түмэн үзэж байна. Харин манай тамирчид дасгалжуулагчгүйгээр бор зүрхээрээ өрсөлдвөл ямар ч байсан медаль авчихтайгаа болсныг та бид "Лондон-2012"-оос харлаа. Дасгалжуулагчийн сэтгэл дутлаа даа, манай тамирчдад.
About the author
admin had written 8 articles for Inspiration BlogDonec accumsan malesuada orcidonec sitmet eros lorem isum dolor amet incon. Adipiscing elit maurise pharetra magna accumsan. Malesuada orcdonec umet lorem doloronsec malesuada.
Subscribe to:
Post Comments (Atom)