Thursday, August 16, 2012
Засгийн газар гэхээсээ илүү хүмүүс, бизнес эрхлэгч нараар ажил хийлгэх нь зүйтэй
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэ Засгийн газрын бүтцийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Яамдын тоо нэмэгдлээ гэхээсээ илүү чанарын асуудлыг ярих хэрэгтэй. Институцийн хувьд орчин үеийн онолоор Засгийн газар хэр үр дүнтэй ажиллаж чадах вэ гэдэг нь гол шалгуур юм.
Өмнө нь 11 яам, 40 гаруй агентлагтай байсан. Гэвч үүнийг 16 яам, 28 агентлаг болгож өөрчиллөө. 1997 онд яам, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг гэдэг бүтэц бий болсон. Засгийн газрын энэ бүтэц төдийлөн үр дүнгээ үзүүлсэнгүй. Харин ч үүний үр дүнд хүнд суртал нэмэгдлээ. Яамд бодлого гаргаад хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууддаа өгч байснаас болж Монгол Улсын эдийн засаг тааруу болсон.
Засгийн газар хэдэн яамтай ч бай, хамгийн гол нь Монгол Улсад эдийн засаг, бизнесийн тааламжтай орчин бүрдүүлж чадах бүтэц мөн үү гэдэг нь л чухал. Тиймээс одоохондоо бидэнд арифметикийн энгийн үйлдэл, тэдээс хасах нь тэд боллоо гэхээсээ илүү Засгийн газрын чиг үүргийг яаж хуваарилж, шилжүүлж чадаж байна вэ гэдэг нь чухал.
-Яамдын тоо нэмэгдсэнээр Засгийн газар үр дүнтэй ажиллаж чадах уу?
-Олон агентлагийг хоргодуулж, хийж байсан ажлуудыг нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ гэж Засгийн газрын бүтцэд бичсэн байна лээ. Энэ нь бодитоор хэрэгжвэл том дэвшлийг авч ирнэ.
Мөн олон салбар хариуцсан нэг яамыг салгаж байгаа нь магадгүй тодорхой асуудал, бодлогыг гаргаж ирэхэд нэг талаасаа зөв шийдвэр. Тиймээс таван яамны удирдлагын зардал, таван яамыг нэмж байгуулснаар нийт эдийн засгийн үр дүнгийн хоорондын харьцаа тодорхойлогдох байх. Хэрэв хүнд суртлыг арилгаж чадвал шинэ Засгийн газар үр дүнгээ үзүүлэх болно.
-Ерөнхий сайдын нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил нь юу байгаасай гэж хүсч байна вэ?
-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ батлуулаад хамгийн түрүүнд өмнөх Засгийн газрын дутуу үлдээсэн бизнесийн орчны шинэтгэлийг хийх хэрэгтэй.
Мөн хууль эрх зүй, бизнесийн салбарт садаа болж буй хүн суртал, дугаар үүсгэж байгаа бүх зүйлийг бичиг цаас, зохицуулалтынх нь хувьд устгах бодлогыг хэрэгжүүлж чадвал хамгийн гол ажил нь байх болно. Үүнийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын гишүүд бүгд хүсч байгаа. Бусад улс оронд энэ бодлогыг төрийн зохицуулалтын шинэтгэл гэж нэрлэдэг.
-Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөлтэй танилцсан байх. Учир дутагдалтай зүйлс ажиглагдаж байна уу?
-“Шударга ёс” эвслийнхэн Засгийн газрын бүтцэд учир дутагдалтай зүйл байна гэж ярьж байна лээ. Тэдний зөв байх. Дутуу хийсэн зүйлс нэлээд их байгаа харагдсан. Энэ талаас нь бодож саналаа бэлдэж байгаа.
-Тухайлбал, ямар ямар зүйл орхигдсон гэж?
-Нэр томъёоллоос нь бодоод үзэхэд, Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд улсын хөгжлийн асуудал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал нэн тэргүүнд байх нь томъёоллын хувьд буруу байна. Уг нь Ерөнхий сайд Монгол Улсын тогтвортой хөгжлийн асуудлыг хамгийн түрүүнд чиг үүрэгтээ оруулах ёстой.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын гол зохицуулах, ерөнхийлөн удирдах ажил нь тогтвортой хөгжил. Үүнийг Ерөнхий сайдын чиг үүрэгт оруулах хэрэгтэй. Түүний дараа эдийн засгийн хөгжил энэ тэрийг ярих нь зүйтэй. Өнөөдрийн болон хойч үеийнхээ балансыг барьсан хүн, нийгэм, байгаль, эдийн засгийн хослуулсан бодлогыг тогтвортой хөгжил гэж нэрлэдэг. Мөн Монгол Улсын гадаад худалдаа, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарын асуудлыг аль яаманд харьяалуулж байгаа нь тодорхойгүй байна лээ. Гэхдээ үүнийг цэгцэлчих байх. Миний хувьд Засгийн газрын бүтцэд оруулахаар 10-аад санал бэлдчихсэн.
-Таны бодлоор сайн засаглал гэж юуг хэлэх вэ?
-Шинэ Засгийн газрын шийдвэр гаргах үйл явц нь ил тод бөгөөд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын харилцаанд түшиглэж явбал сайн засаглал байх болно. Мөн электрон засаглалыг яамд, агентлаг, аймаг, хотын түвшинд хийх ёстой.
-Соёл, урлаг, аялал жуулчлалын яам нь Монгол Улсын брэнд яам болно гэж яриад байгаа. Үнэхээр тийм байж чадах уу?
-Засгийн газрын бүтцийн тайлбарт брэнд бүтээгдэхүүнийг гаргах талаар бичсэн байна лээ. Тэгвэл үндэсний брэнд бүтээгдэхүүнийг гаргах нь энэ яамны чиг үүрэгт зайлшгүй орсон байх ёстой ч гэдэг юм уу. Энэ мэтчилэн учир дутагдалтай зүйлс ажиглагдсан.
-Танай намд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг харьяалуулсан. Энэ яамны чиг үүрэг нь юу вэ?
-Монгол Улсын засаглалын түүхэнд анх удаа ногоон хөгжил төрийн бодлогын хэмжээнд орж ирлээ. Яамны чиг үүрэгт нэлээд зүйлийг нэмж оруулах хэрэгтэй. Энэ яамны хувьд ойн болон усны агентлагийг татан буулгах нь буруу. Учир нь ойн асуудал Монгол Улсын цаашдын хөгжлийг тодорхойлдог.
Ойтой буруу харьцвал улсын хөгжилд гацаа үүсгэх аюултай. Тиймээс ойн болон усны газрыг нэгтгэж, нэг агентлаг болгох нь зүйтэй. Би энэ саналыг Ерөнхий сайдад тавина. Агентлагийг байгуулахад 30-40 хүний асуудал л яригдана. Нэг талаар хэтэрхий туйлширч бүх зүйлийг яам руу чихэх нь буруу.
Манай намын хувьд эдийн засгийн шинэтгэл, бичил, дунд бизнесийн санхүүжилт, мөнгөний болон төсвийн бодлогын талаарх элементүүдийг оруулахаар саналаа бэлдчихсэн. Хамгийн гол нь Засгийн газар хийнэ гэхээсээ илүү нөхцөлийг нь бүрдүүлээд хүмүүс, бизнес эрхлэгчдээр ажил хийлгэнэ гэж яривал илүү сайн. Энэ засаглалын технологи нь доороос дээшээ буюу хүмүүсийг оролцуулсан хандлага байх ёстой. Үүнийг л ИЗНН засаглалын шинэ зарчим гэж үзэж, үзэл санааг нь суулгаж өгөхийг зорьж, ажиллаж байна.
-Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдаар хэнийг томилохоор ярьж байгаа вэ?
-Хэнийг томилохыг намын улстөрийн Удирдах зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн С.Оюуныг сайд болно гэж бодож байна. Мэдээж бид тал талаасаа тусална. Монгол Улсын ногоон хөгжлийг яаж бий болгох вэ гэдэгт онол, практик талаас нь намын мэргэжилтнүүд туслаад явах болно.
-Засгийн газраа яаруу сандруу байгуулах гэж зүтгэснээс учир дутагдалтай зүйлс гарч ирэх юм биш үү?
-Яарахгүй гээд яах юм бэ. Намрын ажлаас авахуулаад хийх ажил зөндөө байна. Мөн манай улсын эдийн засаг тааруу байна. Сонгуулиар нэлээд зарлага гаргасан учраас эдийн засаг хүндрэлтэй байна. Энэ талаасаа бодсон ч Засгийн газрыг яаравчлан байгуулах хэрэгтэй. Одоохондоо яах вэ, хүнд суртал энэ тэр гэж ярьж л байна. 16 яам нь бүгд хүнд суртлын эсрэг үйл ажиллагаа явуулбал болж байгаа нь тэр.
-Хүнд суртлын асуудал нийслэлд л хамгийн их байдаг юм биш үү?
-Тийм шүү. Нийслэлд бохир заваан хүнд суртал их байна. Гэтэл Монголын эдийн засгийн 50 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч байна шүү дээ. Тиймээс хотын удирдлагууд, Засгийн газар илүү анхаарч ажиллах хэрэгтэй.
-Яамдын тоог нэмэх нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?
-Хүнд сурталтай засаглалаас хүмүүс залхахаараа яамдын тоог гол шалтгаан гэж үзээд байна. Энэ бол буруу бодол. Цаана нь засаглалыг хэрэгжүүлдэг технологи гэж байна шүү дээ. Иргэд болон бизнес эрхлэгчдийн оролцоо байхгүй болохоор засаглалын чанар муудаад иргэд төрдөө итгэхээ больчихдог. Түүнээс биш хэдэн яамтайгаас шалтгаалахгүй. Хамгийн гол нь Засгийн газар технологио өөрчлөх хэрэгтэй.
-Засгийн газрын гишүүдийн дийлэнхийг УИХ-аас томилох юм шиг байна. Ингэхээр аль аль талдаа шаардлага тавьж чадахаа больчих юм биш биз?
-Гүйцэтгэх засаглалын гишүүд хууль тогтоох засаглалаасаа сонгогдох нь тийм ч сайн зүйл биш. Аливаа юм алтан дундаж л байх ёстой. Одоогийн хуулиар УИХ-ын гишүүдийн 1/3 нь Засгийн газрын гишүүн байна гэдгээрээ л явах хэрэгтэй.
Харин Ерөнхийлөгчийн хэлж буйгаар Засгийн газрын гишүүдийг цэвэр гаднаас томилох нь зөв зүйтэй асуудал. Ингэх нь улстөрөөс Засгийн газрыг ангижруулж байгаа хэлбэр.
-“Шударга ёс” эвслийн бүлгийнхэн Засгийн газрын бүтцэд учир дутагдалтай зүйл их байна гэж үзээд ажлын хэсэг байгуулсан. Зарим хүн үүнийг нь эвслийн Засгийн газарт орчихоод далдуур шантааж хийж байна хэмээн тайлбарлаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Шантааж хийгээгүй байх гэж найдаж байна. “Улс орны төлөө хамтдаа зүтгэнэ” гэж эвслийн Засгийн газарт орчихоод арай тэгэхгүй байх. Өөрсдийнхөө бодлыг л илэрхийлж байгаа байлгүй дээ.
About the author
admin had written 8 articles for Inspiration BlogDonec accumsan malesuada orcidonec sitmet eros lorem isum dolor amet incon. Adipiscing elit maurise pharetra magna accumsan. Malesuada orcdonec umet lorem doloronsec malesuada.
Subscribe to:
Post Comments (Atom)